Мэдлэг боловсролоороо дэлхийн энд хүрч, эх орныхоо нэрийг гарган эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажилладаг монголчууд олон бий. Тэдний зарим нь нэгдэж өнгөрсөн сард эх орондоо “Зуны лекц 2010”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулсныг уншигч та санаж буй биз ээ. Тэдний нэг нь Эрхэмбаярын Жагдагдорж. Түүнийг АНУ-руу буцаад удаагүй байхад нь цахим шуудангаар холбогдож ярилцлаа.
-Та одоо АНУ-д ямар ажил хийж байгаа вэ, үндсэн мэргэжлээсээ гадна өөр олон талын ажил алба эрхэлдэг гэж сонслоо?
-Би их олон ажил хийдэг хүн шиг байгаа юм. Энд хүний адэнтити гэсэн ойлголт байдаг. Эзэмшсэн мэргэжил, ямар ажил хийдгээр нь тухайн хүнийг дүгнэнэ гэсэн үг. Энэ талаас нь харвал надад их олон янзын ачаа бий. Мэдээллийн технологийн мэргэжилтэй боловч бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ дахь Монголчуудын болон оршин суугаа газрынхаа жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг. Эдгээр нь Америк дахь Монголчуудын худалдааны танхим, АНУ-ын жижиг дунд бизнесийг дэмжих “Скорэ” байгууллага болон “Аргамаг Инкорпорайтэд” компанитай холбогддог. Үүний зэрэгцээ сайн аав болох гээд хүүхдийн сургуулийн элдэв ажлуудад оролцож, оршин суугаа хотынхоо захиргааны дэргэдэх зөвлөх байгууллагуудад ажилладаг. Энэ бүгд сайн дурын ажил учраас цалин авахгүй. Товчдоо, би амьдралаас суралцаж байгаа “оюутан”. Үндсэн ажил маань “Симко Инкорпорайт” компанийн АйБиЭм Лотус Нотус Домино хөгжүүлэгч. Их сүртэй, урт нэртэй боловч, товчоор бол тооцоолуурын код “нухдаг” гэсэн үг.
-АНУ-д хэчнээн жил ажиллаж байна вэ?
-АНУ-д 1999 оны сүүлчээр ирж, 2000 онд “Симко Инкорпорайт”-д ажилд орсон.
-Энэ байгууллагад ямар шалгуураар ажилд орсон бэ, гадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй санагдах юм.
-АНУ-д ажилд ордог жишгээр ажлын зар үзээд, хүсэлт гаргасан. Тухайн үед ажилд хэрхэн орох болон хүсэлт гаргах талаар сайн мэддэггүй байсан учраас бүгдийг нь өөрийн биеэр туулж туршлага суусан.
Энд ямар ч ажилд орохын тулд хүсэлт гаргахдаа хувийн тодорхойлолт болох CV-гээ тун сайн бэлтгэх хэрэгтэй. Хүмүүс нэг л CV бэлтгэчихээд төрөл бүрийн салбарын байгууллагад ажилд орохдоо өгч алдаа гаргадаг. Уг нь тухайн ажлын онцлогт тохируулаад хэд, хэдэн өөр CV бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, системийн програм зохиогч, онлайн веб програм зохиогчийн ажилд орохын тулд аль алинд нь програмчлалын талаар чадварлаг гэдгээ ойлгуулахаас гадна эхнийхэд нь тооцоолуурын систем талаас болон сүлжээний мэдлэг ихтэйгээ тодруулж, нөгөөд нь веб дизайн, веб юзабилити мэдлэг туршлагатайгаа мэдрүүлэх хэрэгтэй. Мөн тэр байгууллага нь ямар технологи ашигладаг болон цаашид юуг хэрэглэх төлөвлөгөөтэй зэрэгт тохируулах нь чухал. Энэ захидал, CV ажил олгогчдын анхаарлыг татаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй бол ярилцлагад орох боломжгүй болно.
Намайг ажилд авахдаа ажлын туршлага, ялангуяа ccMail-н админ хийсэн, их сургуульд багшилсан зэрэг үзүүлэлт CV -нээс ихээхэн анхаарал татсныг нь хожим хувийн хэрэгтэйгээ танилцаж байхдаа мэдсэн.
Ямар ч байгууллага ярилцлагад оруулахын өмнө хүсэлт гаргагчийг судалдаг. Үүний зэрэгцээ хэр их өртөгтэй амьдардаг, үнэнч эсэх, хүсэл, сонирхол, мөрөөдөл гээд миний тухай бүгдийг мэдчихсэн байх нь бий. Мөн өөрийг тань сайн мэдэх гурван хүнээр тодорхойлолт гаргуулдаг. Би тэр үед АНУ-д цоо шинэ хүн байсан учраас энэ шатыг алгассан байх. Харин хожим нь гэрээгээ сунгахдаа ийм шалгуурт өртсөн.. Өмнөх удирдлага болох Ц.Балдорж эрхлэгчийн захидлыг захирал маань надад үзүүлээд “Энэ захиа чамайг ажилтай болгосон, чиний дарга хүнээ таньдаг, мэддэг, итгэдэг, тодорхойлж чаддаг жинхэнэ менежер хүн юм байна” гэж билээ.
Энэ бүх шалгуурыг давсны дараа “ажилд авлаа” гэж хэлдэггүй. Харин “Танд ийм цалин өгч, тийм нөхцөлд ийм хангамж олгоно оо, та манайд ажиллана уу” гэсэн урилга илгээдэг юм билээ. Үүнийг ажлын оффэр гэж нэрлэдэг. Ингээд эцсийн шийдийг хувь хүн өөрөө гаргана. Хүмүүс хэд хэдэн газраас ийм оффер авч байж сонголтоо хийдэг.
-Та хаана ямар, ямар сургууль дүүргэсэн бэ?
-Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, төгссөн. Бидэнд наймдугаар ангид байхаас тухайн үеийн их дээд сургуулийн багш нар нэмэлт хичээл заадаг байлаа. Д.Ламжав, Чулуундорж, Ц.Дашдорж, А.Мекей, Р.Гончигдорж, А.Ганбаатар, В.Адьяасүрэн, С.Баясгалан гээд МУИС, УБДС-ийн багш нарын “гараар орж” аравдугаар ангиа төгссөн. Ингэснээр оюутан болж суралцах арга барил, сэтгэлгээ, суурь мэдлэг, логиктой болдог юм билээ. Дараа нь Эрхүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуульд орсон. Намайг төгсөх үед сургууль маань Новосибирскийн техникийн улсын их сургууль нэртэй болсон юм. Систем-техникийн инженер мэргэжлээр төгсөж, эндэхээр бол компьютерын шинжлэх ухааны мастер болж, мэдээллийн технологийн салбарт зүтгээд өдий хүртэл хоолоо олж идэж байна. АНУ-д ажиллаж байхдаа байгууллагынхаа боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэг төрлийн хангамжийн хүрээнд бизнесийн удирдлагын мастер зэргийг Колумбиа коллежээс авсан.
-“Өдийг хүртэл хоолоо олж идэхийн” тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байсан байх...
-Бэрхшээл бол зөндөө зөндөө, тоолж барахгүй олон асуудал гарна. Тэгээд тэр бүгдийг туулаад өнгөрөөнө. Тэгэхгүй бол “ирсэн газар руугаа буцах” болно. Энэ өгүүлбэрийг дунд сургуульд байхад Люба багш маань хэлдэг байсан юм. Бид “Өө монголоор зөв ярихгүй байж загнаад” гэж ярьдаг байсан ч эргээд бодоход анх хаанаас ирсэн тэр газартаа гэсэн логик гараад ирдэг юм байна. Энэ нь орос, монгол сэтгэлгээ, хоёр хэлний бүтцийн ялгааны асуудал л даа. АНУ-д ажиллахад яг энэ бэрхшээлийг эхлээд туулсан. Товчдоо, англи хэл хамгийн том бэрхшээл байлаа. Хэлээ дагаад санаагаа илэрхийлэхэд элдэв өөр утга гарчихна. Одоо хамт лекц уншиж байгаа доктор М.Саруул-Эрдэнэ “Хар хүзүүний ороолт гэдгийг хар өнгөтэй хүзүү гэж ойлгох уу, хар ороолт гэж бодох уу” гэсэн жишээ авч яридаг. Мөн мань хүн “Улсын их дэлгүүр гэхийг тэр чигээр нь үгчилж орчуулаад дээр нь хадчихсан байгааг Америкчууд лав төрийн яамны агуулах гэж ойлгоно доо” гэдэг юм. Энэ мэтийн бэрхшээлийг давахад байгууллагын

Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих